no image
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай холбогдуулан ОК хуралдав
2025-10-20
noimage

Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах зорилготой. Энэ хүрээнд өнөөдөр /2025.9.16/ аймгийн Онцгой комиссын хурал зохион байгуулж, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын дарга нарт тодорхой үүрэг чиглэл, зөвлөмж өглөө. 

 

 

Энэ үеэр хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Сандагсүрэн танилцуулав. Мэдээллээр: Энэ жил нутгийн ихэнх хэсгээр зуншлага тааруу болсон. Нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлттэй байгаа. Иймд эрсдэлийг тооцож аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаа эрчимжүүлээд буй. Ховд аймаг хөдөө аж ахуйн 91 баг, 8000 гаруй малчин өрхтэй. 2025-2026 оны өвөл, хавар 3.7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарсан. Үүнээс 1895 өрхийн 1 сая гаруй мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгааг мөн гаргасан байна. Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бүдүүн тэжээл 970 тн, хүчит тэжээл 778 тн, эрдэс тэжээл 2 тн-ыг тус тус бэлтгэжээ. Мөн аймгийн Засаг даргын албан даалгаварт зааснаар малчдын түвшинд нийт 60.8 мянган тн өвс, 3270 тн гар тэжээл, 6790 тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар малчдын түвшинд нийт 66.2 мянган тн хадлан, 1206 тн тэжээл, 3605 тн хужир шүү бэлтгээд байна. Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөд 250 тн буюу 50 кг-н 4000 уут хорголжин тэжээл, 25 кг-н 2400 уут хивэг бэлтгэхээр 2 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж эхний 1200 уут хорголжин тэжээл, 2400 уут хивгийг бүрэн нөөцөд хүлээн авсан байна. Энэ онд аймгийн хэмжээнд 500 мянга орчим толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөөд буй. Ховд аймагт мал төхөөрөх 9 үйлдвэр, мал, мах бэлтгэн нийлүүлдэг 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс “Алтай мийт”, “Амар органик мийт” ХХК тус тус мал, мах экспортлох зөвшөөрөл авч, 140 тн мах экспортод гаргажээ. Тухайн аж ахуйн нэгжүүд нийт 131.7 мянган толгой мал худалдан авч бэлтгэх төлөвлөгөөтэй байна. 

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ховд аймгийн Онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах тогтоолд аймаг, сумын хийж хэрэгжүүлэх ажлыг маш тодорхой зааж өгсөн. Тус тогтоолд аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх хэмжээг өмнөх жилүүдээс давуулан биелүүлэх үүрэг өгснийг онцоллоо. Цаашид ган, зудын эрсдэлд тэсвэрлэх чадвартай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, улсын төсөв, олон улсын донор байгууллагын хөрөнгө оруулалтаар баригдаж буй төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, Онцгой комиссын гишүүд багуудаар явж малчдыг үнэн бодит мэдээллээр хангах, эмнэлэг, сургуулиас эхлээд төрийн байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллах чиглэл өглөө.