
“Дэлхийн Зөн Монгол” ТББ нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр FHI 360 байгууллагатай хамтран “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх – EpiC II” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл баруун болон хойд бүс, мөн нийслэлд хэрэгжих юм. Ховд аймагт хэрэгжиж буй төслийн танилцуулах уулзалт өнөөдөр /2026.04.07/ боллоо. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үндэсний захирал болон зөвлөхүүд оролцсоноос гадна аймгийн Онцгой байдлын газар, БОАЖГ, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагуудын удирдлага болон мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын үеэр төслийн ерөнхий танилцуулга, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, зоонозын өвчний эрсдэлийн харилцаа холбооны баг байгуулах тухай асуудлаар санал солилцлоо. Шинэ төсөл хэрэгжсэнээр халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Ташрамд, “Дэлхийн Зөн Монгол” ТББ нь 2007 оноос хойш Монгол Улсад, тэр дундаа Ховд аймагт хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн туршлагатай байгууллага юм. Тус байгууллага нь өмнөх жилүүдэд боловсрол, эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, хүүхэд хөгжил, хамгаалал, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр нийт 40 гаруй урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, 50 гаруй богино хугацааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.