no image
Ховд аймаг 2025 оны шилдэг өвлөн уламжлагчдаа тодрууллаа
2026-1-7
noimage
Соёл урлаг, спорт

Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байдаг. Тэдний нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, соёлын биет бус өвийг өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх идэвхийг дэмжих, үндэсний болон олон улсын түвшний байр суурийг бэхжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн ИТХ-ын 2025 оны 31 дүгээр тогтоолын дагуу “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас 2025 оны шилдэг өвлөн уламжлагчдыг тодруулж, алдаршууллаа. 2025 оны Ховд аймгийн шилдэг өвлөн уламжлагчаар Наранцогтын Буяндэлгэр /Ховд аймгийн Дуут сумын харьяат, цуур хөгжмийн 7 дахь үеийн өвлөн уламжлагч/ Лхагвын Цэнджаргал /Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Дөрвөд угсаатны дээл хувцас, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, эсгий ноосон урлал урлаач/ Жаргалын Сарантуяа /Ховд аймгийн Буянт сумын харьяат, Тува угсаатны соёлын онцлог, өвөрмөц уламжлалыг түгээх, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өвлөн уламжлагч/ Баатарын Эрдэнэбат /Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Уламжлалт арга ухаан” ан ав хийх арга ухаан, зан үйлийг өвлөн уламжлагч/ нар шалгарлаа. Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, аймгийн СУАЖЗ-ын газрын дарга М.Пүрэвхүү нар шилдэг өвлөн уламжлагчдад Өргөмжлөл, Батламжийг гардуулан баяр хүргэлээ.