no image
ШУА-ийн ООГХ-ийн Ховд дахь салбарын 60 жилийн ой тохиож байна
2025-6-17
noimage

Ховд аймагт анх “Газар хөдлөлийг судлах станц” нэртэйгээр үүсэн байгуулагдсан ШУА-ийн ООГХ-ийн Ховд дахь салбар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойэнэ онд тохиож буй.  

Тэмдэглэлт энэхүү ойг угтсан баярын арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Үүнтэй холбогдуулан ООГХ-ийн захирал, Доктор Чимэдийн Одонбаатар, ООГХ-ийн ГХСС-ийн эрхлэгч, Доктор Мөнхөөгийн Өлзийбат, ООГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Нямбаяр тэргүүтэй Франц Улсын Цөмийн энергийн комиссарайтын Хүрээлэн орчны хяналтын департментууд болон Ховд дахь салбарын удирдлага, албан хаагчид, ахмад ажилчдыг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 



Энэ үеэр тус салбарт өөрийн мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан нэр бүхий ахмад ажилтан, одоо ажиллаж буй алба хаагчдыг Ховд аймгийн Хүндэт тэмдэг, Ховд хотын хүндэт тэмдэг, Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.  


 

1965 онд Ховд аймгийн төв гудамж дахь автобаазын хашаанд сүрлэн дээвэртэй, түүхий тоосгоор барьсан дан барилгын өрөөнд анхны газар хөдлөлийг судлах станцыг байгуулснаар ШУА-ийн ООГХ-ийн Ховд дахь салбарын түүх эхэлсэн байдаг. Тухайн үед газар хөдлөл судлаач И.Балжинням, Д.Мөнхөө нар 2 м нүхэнд чулуун бетон цутган суурь хийж чичирхийлэл хүлээн авагчийг суурилуулж, анхны ажиглалтаа эхлүүлсэн нь Монголын геофизикийн судалгааны түүхэнд чухал үйл явдал болсон юм. 

Эдүгээ тус салбар 8 албан хаагчтайгаар орчин үеийн техник, технологид суурилсан газар хөдлөлтийг бүртгэх бичил сүлжээ станц, соронзон оргил, геодинамикийн суурь судалгааны станцуудтай томоохон нэгж болон монголдоо төдийгүй ази бүс нутагтаа газар хөдлөлтийг бүртгэх, геоофизикийн судалгааны тэргүүлэх станц болон хөгжиж байна. 

Цаашид ч бүс нутгийн хүрээнд геофизикийн иж бүрэн судалгаа хийх эрдэм шинжилгээний бие даасан төв  болон өргөжих боломж бий гэдгийг албаныхан онцолж байв.