.jpg&w=3840&q=100)

2025 оны амжилтаараа малчин түмнээ манлайлан, Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багаас хоёр малчин “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан. Тэдний нэг нь малчин Б.Эрдэнэ-Очирийн гэр бүл юм. Малч удмынхаа үргэлжлэл болон өвөө аавынхаа буурь бууцыг сахин "Хөх сайрын ам" гэх газар нутаглаж буй малчин Бямбасүрэнгийн Эрдэнэ-Очир, гэргий Баасанхүүгийн Цэцэгчулуун нарын шагналыг өнөөдөр /2026.02.10/ аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Ц.Азбилэг нар сумын удирдлагуудын хамт гардуулан өгч баяр хүргэв. Б.Эрдэнэ-Очир нь 1992 оноос хойш тасралтгүй мал маллаж байна. 2011 онд Б.Цэцэгчулуунтай гэр бүл болж, тухайн үедээ 200-аад толгой малтай айл болж байжээ. Харин өдгөө хамтын хөдөлмөр, нутаг усны айл саахалт, ахан дүүсийн дэмжлэгийн ачаар мал сүргээ таван төрөлд өсгөж 700 гаруй толгойд хүргэсэн байна. Тэд мал сүргээ тооноос илүү чанарт анхааран өсгөдөг бөгөөд нийт малын 400 гаруй нь хонин сүрэг аж. Ирэх хавар 200-аад төл хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад байна. Түүний аав н.Бямбасүрэн 2000 онд, ах Б.Уламбаяр нь 2020 онд “Аймгийн аварга малчин” болж байжээ. Удам дамжсан малч тэрбээр 2018 онд “Сумын аварга малчин” цол хүртэж байсан амжилтаа ийнхүү ахиуллаа.

