no image
Эрдэнэбүрэн сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав
2025-12-2
noimage

Аймгийн Засаг даргын тушаалаар байгуулагдсан ажлын гурван хэсэг бүсчилсэн байдлаар хөдөөгийн сумдад тодорхой хуваарийн дагуу ажиллаж байна. Ажлын хэсэг хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлын явц, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой. Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Мөнххайрхан, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад сумдад ажиллана. Энэ сарын 19-ний өдөр тус ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллав. Энэ үеэр сумын онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын дүн мэдээ, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн, өвөлжилтийн бэлтгэл ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр үүрэг зөвлөмж өглөө. Сумын удирдлагын өгч буй мэдээллээр: Мал аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг 85.5 хувьтай хангасан. Сумын аюулгүйн нөөцөд 42 тонн пресс өвс бэлтгэж, 30 тонн тэжээл татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Сумын хэмжээнд нийт 560 гаруй малчин өрхийн 226,3 мянган толгой мал өвөлжиж хаваржих төлөвтэй. Одоогийн байдлаар нийт малчин өрхийн 50 хувь нь өвөлжөөрүүгээ нүүсэн, ямарваа нэгэн хүндрэл гараагүй гэдгийг хэлж байв. Мөн сумын төвийн төсөвт байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаасан гэдгийг онцлов. Үүний дараагаар сумын төвийн уурын зуух, өвс тэжээлийн агуулахын барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцав. Дулаан үйлдвэрлэгч Бүрэн стандарт ХХК нь сумын хэмжээнд 18 объектыг дулаанаар хангадаг. Халаалтын ид ачааллын үед өдөрт дунджаар 1-1.5 тн нүүрс хэрэглэдэг аж. Одоогоор нэг сарын хэрэгцээ болох 100 тн нүүрсний нөөцийг бүрдүүлжээ. Мөн цахилгаан эрчим хүч тасарсан тохиолдолд дулаан түгээлт доголдуулахгүй байх үүднээс нөөц генератор бэлдсэн байна. Өнөөдрийн байдлаар дулаан түгээлтийн ажил хэвийн үргэлжилж байна. Ийнхүү өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсанаар сумдад тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг ажлын хэсэг эрэмбэлэн аймгийн Засаг даргад танилцуулж, шаардлагатай бол аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэх юм.