no image
ЦЭЦЭГ СУМЫН БАЯНГОЛ БАГИЙН МАЛЧИН З.АЗЗАЯА "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" БОЛЛОО
2022-4-10
noimage
Цаг үеийн мэдээ
Хөдөө аж ахуй
Цэцэг сумын Баянгол багийн нутаг "Буга боодгийн хувалзуур" гэх газар хаваржиж буй энэ өрх айл бол малчин З.Аззаяагийнх.
Малчин З.Аззаяа, Д.Тунгалаг нар хоёр талын малч удамтай. Анх айл болохдоо 300-аад малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө дөрвөн төрлийн 800 гаруй толгой малтай болжээ.
Буурлуудынхаа малч ухааныг өвлөн, буян хишгийг нь арвижуулж мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөсөн 22 жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлж гэргий "Аймгийн аварга малчин" цол хүртэж байгаа нь энэ юм.
Хүн өөрөө л хичээж, тавьсан зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч, буянт малынхаа ашиг шимийг хүртэж чаддаг хэмээн хуучлах тэрбээр нэгдэл нийгмийн үед аймгийн сайн малчин цол хүртэж байсан хадам аавынхаа өгөөж баян хаваржаан дээр хүндтэй шагналаа гардан авч байгаадаа баяртай байлаа.
Тэрбээр малын тооноос илүү чанарт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг байна. Мөн Алтайн өвөр нутаг, Хиагтын голоо даган отор нүүдэл хийж мал сүргээ адгуулдаг гэлээ.
Энэ хавар салхи шуурга ихтэй хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван, 300-аад төл авч, мал сүргээ өсгөжээ.