.jpg&w=3840&q=100)
Аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар Ховд аймагт хэрэгжиж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж буюу эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь /АДАПТ/ төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Орон нутгийн төслийн зохицуулагч Д.Дарьханд хуралдаанд оролцогч төлөөлөгчид болон урилгаар оролцогчдод төслийн зорилго, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм. БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБХХ хамтран Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төсөл нь байгалийн нөхцөлөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлж, орон нутгийн түвшинд эрсдэлийн менежментийг сайжруулахад чиглэжээ. Төслийг 2021-2028 онд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Ховд аймагт 2022-2025 онд нийт 30 орчим нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 2026 онд 200 га Татмын ойн нөхөн сэргээлт, 4 булгийн эхийг хашиж хамгаалах, 6 байршилд бага оврын хөв барих, 45 гүний худаг засварлах зэрэг 10 орчим ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хуралдааны үеэр төлөөлөгчид төслийн хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд төслийн баг гарсан саналыг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр болов. Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хуралдааныг хааж үг хэлсний дараа төрийн дуулал эгшиглэж хуралдаан өндөрлөв.