
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Бидний бахархал” үндэсний төслийн хүрээнд хэрэгжиж буй “Эх оронч 10000” төслийн сургалтыг өнөөдөр /2025.11.14/ Ховд аймагт зохион байгууллаа. Иргэд, залуусын эх оронч үзэл, үндэсний бахархлыг таниулах, эх орноо хайрлан хамгаалах, эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах, аливаад эерэг хандлагатай шинэ үеийг төлөвшүүлэх зорилго бүхий тус сургалтад Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдсан юм. Сургалтын нээлтэд төслийн удирдагч Х.Эрдэнэпил, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ганхуяг нар оролцон мэндчилгээ дэвшүүлж, төслийн зорилго, ач холбогдлын талаар танилцууллаа. Мөн төслийн сургалтын багш нар нийт дөрвөн сэдвийн хүрээнд сурагчдад сургалт, мэдээлэл хийж, эх оронч үзэл суртал, соёл суртахууны үнэлэмжийг нэмэгдүүлэх, Үндэсний бахархлыг дархлаажуулахад иргэн бүрийн оролцоо ямар чухал талаар харилцан ярилцаж, сурагчдын санал бодлыг сонсов. Ингэснээр хүүхэд, залуучуудын дундах эх оронч үзэл, үндэсний тусгаар тогтнолын үнэ цэнийн талаарх мэдлэг, хандлага нэмэгдэх ач холбогдолтой гэдгийг төслийн багийнхан онцолж байлаа. “Эх оронч 10000” төсөл улс орон даяар шат дараатай хэрэгжиж байгаа. Өвөрхангай аймгаас эхэлсэн сургалт өнөөдөр дөрөв дэх аймаг буюу Ховд аймагт ийнхүү болов. Энэ үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байгаа хувцас хэрэглэлийг сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд үзүүлж сонирхууллаа