no image
Жаргалант сумын тариаланчдын зөвлөгөөн эхэллээ
2026-4-24
noimage
Хөдөө аж ахуй

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Жаргалант сумын газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2026.04.22/ зохион байгуулж байна. Жаргалант сумын хэмжээнд газар тариалангийн салбарт 300 орчим иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн төлөөлөл болсон 80 орчим хүн энэхүү зөвлөгөөнд оролцож, газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөрөнгө оруулалт, цаашдын зорилго, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн шийдлийг эрэлхийлж байна. Зөвлөгөөний хүрээнд хүнсний ногооны шинжилгээ, ургамал хамгааллын бодис, үр сорт болон бордооны зөв хэрэглээ, ус ашиглалт, ногоон байгууламжийн хэрэгцээ, Хүлэмжийн цогцолборын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцуулж байна. Мөн газар тариалан эрхлэгчид хүнсний ногооны тариалалтын тэнцвэрт байдлыг хадгалах, хамтын ажиллагааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар санал солилцох юм. Цаашид газар тариалан эрхлэгчдийг дэмжиж, хүнсний ногооны урамшуулалд хамруулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар нарийн ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тариалалтын талбайг өргөжүүлэх, техник дундын үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд үе шаттай анхаарч, олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг албаныхан онцоллоо. Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчдын гаргасан санал санаачилга, тулгамдаж буй асуудлыг нэгтгэн шийдвэрлүүлэхээр ажиллах юм. Ташрамд, Жаргалант сумын тариаланчид өнгөрсөн онд 400 орчим га талбайд тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 5000 тонн ургац хураан авч зах зээлд нийлүүлжээ.