no image
Аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа
2020-11-16
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Ковид-19 цар тахлын халдварын улмаас улс орон даяар тогтоосон хатуу хөл хориог 14 хоног сунгасантай холбогдуулан өнөөдөр /2020.11.16/ аймгийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо. Хурлаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн өнөөгийн нөхцөл байдал, Ховд аймгийн хүнсний нөөц, анхаарах асуудал, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, Ховд дулааны станц, Бадамлах дөл ХХК-ны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал зэрэг 7 асуудал хэлэлцэж гишүүдийн санал хүсэлтийг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
-Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай сунгасантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/668, А/694, А/695 дугаар захирамжууд, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/697, А/698 дугаар захирамжуудын хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.
-Улсын Онцгой комиссын 2020 оны 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хилийн боомтын үйл ажиллагаанд хяналт тавих, халдвар хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулж ажиллахаар боллоо.
-Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан “Коронавирус халдварын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулах түр журам”-ын 2.3-д заасны дагуу хилийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үеийн халдвар, хамгаалал, халдваргүйжүүлэлтийг хийх түр байрыг байгуулах, зураг төсөв, санхүүгийн тооцоог гаргаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /П.Эрдэнэчулуун/, хөрөнгө гаргаж түр байрыг яаралтай байгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг МоЭнКо ХХК-ны гүйцэтгэх захирал /Ж.Оюунчимэг/ нарт үүрэг болголоо.
-Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь баруун аймгуудад гарсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын сэжигтэй тохиолдлын шинжилгээг цаг хугацаа алдахгүй 24 цагийн хугацаанд тогтмол хийх, давтан шинжилгээг хугацаанд нь зохион байгуулж ажиллахыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв /Г.Шижир/, Эрүүл мэндийн газар /Ц.Мягмарсүрэн/ нарт даалгалаа.
-Бүх нийтийн бэлэн байдлын үед Улаанбаатар хотоос ямар нэгэн зөвшөөрөлгүй хулгайгаар орж ирсэн тээврийн хэрэгсэл, иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн/, Прокурорын газар /Б.Гантулга/ нарт даалгалаа.
-Аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагаар үнэн зөв, нэг сувгаар мэдээлэл өгөх ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар /дэд хурандаа Б.Алтанбадралт/-д үүрэг болголоо.
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг өдөр бүр 18:00 цагаас тогтмол мэдээлж ажиллахаар боллоо.
-Монгол улсад Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн халдварт цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.
-Улсын Онцгой комиссоос өвс, тэжээл тээвэрлэлтийн автомашины ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж аймаг, сум хооронд саадгүй нэвтрүүлэх үүрэг чиглэл ирсэнтэй холбогдуулан дээрхи тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хангаж хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж ажиллахыг Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн/, Онцгой комиссын орлогч дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар /дэд хурандаа Б.Алтанбадралт/, Авто тээврийн төв /Н.Ирэхзаяа/, Мэргэжлийн хяналтын газар /П.Эрдэнэчулуун/ нарт үүрэг болголоо.
-Аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс орох, гарах чиглэлийн постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж шаардлагатай тохиолдолд Боловсрол, соёл урлагийн газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нар, Зэвсэгт хүчний 123-р ангиас хүн хүч нэмэгдүүлэн ажиллах тооцоо судалгааг гаргаж аймгийн Онцгой комиссын шуурхай штабаар хэлэлцүүлэн шийдвэрлэж ажиллахыг Шуурхай штабын дарга, Онцгой комиссын орлогч дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар /дэд хурандаа Б.Алтанбадралт/-д үүрэг болголоо.