“Cresendo Internationol Music Competition-2025” олон улсын төгөлдөр хуурын уралдаан ирэх зургаадугаар сарын 1-нд АНУ-ын Бостон хотноо болно.
Энэхүү уралдааны ахлах насны ангилалд оролцохоор Прогресс сургуулийн 11а ангийн сурагч Батжаргалын Баярлах, Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11 ангийн сурагч Нямцоожийн Амартүвшин нар Бостонг тун удахгүй зорих юм.
Өнөөдөр /2025.5.20/ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү “Seven Melodies” төгөлдөр хуурын сургалтын төвийн багш Б.Ууганзаяа, сурагч Б.Баярлах нарыг хүлээн авч уулзлаа.
ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү чадварлаг багшийн удирдлага дор олон жил төгөлдөр хуураар хичээллэж, тэрхүү хичээл зүтгэлийнхээ үр дүнд аймаг орон нутгаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцохоор болсонд нь баяр хүргэж, бэлтгэл, сургуулилтаа сайтар базааж, уралдаандаа амжилттай оролцоод ирэхийг хүсэн ерөөв. Мөн аймаг орон нутгийн зүгээс замын зардалд нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Б.Баярлах, Н.Амартүвшин нарын хувьд бага наснаасаа эхлэн 10 гаруй жил төгөлдөр хуураар хичээллэж буй өсөх ирээдүйтэй авьяаслаг сурагчид юм. Уралдаанд нь амжилт хүсье.