
Ховд аймгаас 2024 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид алба хаасан цэргүүд халагдаж, өнөөдөр /2025.10.16/ нутагтаа ирлээ.
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас бэлтгэлээр халагдсан дайчдыг хүлээн авах үйл ажиллагааг зохион байгууллаа. Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн, цэргийн албаа нэр төртэй хаасан дайчдад аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг баяр хүргэн, хүндэтгэл илэрхийлж, амжилт хүслээ.
Энэ үеэр цэргийн эрдэмд шамдан суралцан ахлах түрүүч О.Чулуун-Эрдэнэ, түрүүч Д.Сүлдням нарыг аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, баяр хүргэв. Тухайлбал, ахлах түрүүч О.Чулуун-Эрдэнэ нь Зэвсэгт хүчний тэргүүний түрүүч шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бахдам амжилт үзүүлжээ.