no image
"Happy-31" шинэ жилийн үдшийн цэнгүүн болов
2026-1-7
noimage
Соёл урлаг, спорт

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хөгжимт драмын театр хамтран жил бүрийн 12-р сарын 31-нд Ховдчуудад зориулан шинэ жилийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “"Happy-31" шинэ жилийн цэнгүүн Ард-Аюушийн талбайд боллоо. Үдшийн цэнгүүнд нялх балчраас авхуулаад настан буурлууд, иргэдийн төлөөлөл, морьтон залуус хүртэл хүрэлцэн ирж оролцож байгаа нь бахархалтай. Өмнөх жилүүдийг бодоход харьцангуй өнтэй байгаа учраас Ард-Аюушийн талбайдаа цугласан хүн олон байлаа. Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулж, өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудаа дагуулан төв талбайд ирж цугласан олны баяр дээр нь баяр нэмлээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, М.Баярт, Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Засаг дарга, Ховд хотын захирагч Б.Амартүвшин нар 2025 оны амжилт ололтоосоо дурдаж цаашдын зорилтоо танилцууллаа. Мөн иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Айлчлан ирж буй 2026 он олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн нийт иргэдийн хувьд өмнөх жилийн зорилго, зорилтоо ахиулсан, хөгжил дэвшилд хөтөлсөн түүхэн жил байх болно гэдгийг онцоллоо.