
Улсын аварга тариаланчаар шалгарсан А.Авдал гуай болон түүний эхнэр Б. Сахий нарт аваргын цом, өргөмжлөл, тууз, энгэрийн тэмдгийг ХХАА-н сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэлээ. А.Авдал гуай нь эхнэр хүүхдийнхээ хамтаар жилд 20 гаруй га талбайд төмс, лууван, манжин байцай, сонгино зэрэг хүнсний ногоо болон нарийн ногоо тарвас зэргийг тарьж, ургуулдаг. Намартаа 40-45 тонн хүнсний ногоо, 50 гаруй тонн тарвас хураан авч өрхийнхөө эдийн засгийг нэмэгдүүлэхээс гадна , 6 айлыг ажлын байраар тогтмол хангаж, Ховд аймгийнхаа хүн ардыг эрүүл хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч нэгэн юм.
Түүний хөдөлмөр зүтгэл амжилтыг үнэлж, сум, аймгийн тэргүүний тариаланчаар тодруулж байв. Шавь нар дундаас нь "Сумын тэргүүний тариаланч" гурав, "Аймгийн тэргүүний тариаланч" хоёр төржээ. Хөдөлмөрлөхийн сайхан, түүний үр шимийг хүртэнэ гэдэг ямар бахархалтай байдгийг залуу хойч үедээ үлгэрлэж яваа А. Авдал нь хийж бүтээх хүсэл зорилгоор дүүрэн байна. Тэрээр цаашид өвлийн хүлэмжтэй болох, өөрийн ур ухаан, туршлагаа илүү олон хүнд зааж сургах зорилготой яваагаа хэлж байлаа.