“Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа”.
Аймаг, сумын төр захиргааны байгууллага, МУИС-ийн Шинжлэх ухаан, Технологийн сургууль, Агнуур судлалын “АРГАЛЬ” төв болон Байгаль хамгаалах, байгалийн нөөцийн Олон улсын холбоо /IUCN/, “Зэрлэг хонь хамгаалах сан” зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын дэмжлэгтэйгээр Мянган угалзатын нурууны БЦГ, Ховд их сургууль, “Алтайн нүүдэлчид” ТББ хамтран “Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа” төслийг 2019-2026 онд хэрэгжүүлнэ.
Төслийг хамтран хэрэгжүүлэгч талууд өнөөдөр “Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БОАЖГ-ын дарга Л.Батбаяр болон төсөл хэрэгжүүлэгч талууд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр “Алтайн нүүдэлчид” ТББ-ын тэргүүн Б.Баярсайхан төслийн товч танилцуулга, хийж хэрэгжүүлэх ажил, хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, харилцан санал солилцсон юм.
Төсөл хэрэгжих хугацаанд судалгааны ажлаас гадна “ЭРҮҮЛ МАЛ”, “ЭРСДЭЛГҮЙ МАЛЧИД”, “БЭЛЧЭЭРТ ЭЭЛТЭЙ МАЛЧИД”, “ИДЭВХТЭЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ”, “ЭРҮҮЛ УНДНЫ УС” зэрэг хэд хэдэн бичил төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгааны төв байгуулах, зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. “Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа” төслийг хэрэгжүүлсэнээр биологийн олон янз байдлын үнэ цэнэ, ач холбогдол, зохистой ашиглалттай холбоотой нэн шаардлагатай судалгааны ажлыг төр, хувийн хэвшил хамтран санхүүжүүлэх тогтолцоог бий болгоно гэж зорьж байна.
Дэлхийд нэн ховор аргаль угалз биологийн бусад төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх, судалж шинжлэх ажилд анхаарлаа хандуулж, шинэ санал санаачилга гарган ажиллаж байгаа төслийн багийн хамт олны ажилд аймаг орон нутгийн удирдлагууд амжилт хүсч, хамтран ажиллахаа илэрхийллээ.