“ЧАДВАРЛАГ ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ШИЛДЭГ ЭМЧ” НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА
Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд
“ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР” тохиодог. Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ хамтран эмч нарын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан албаны бусад төлөөллийн хамтаар оролцож эмч нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг даван туулахад эмч, мэргэжилтнүүд хамгийн их ачаа үүрч хүнд хэцүү нөхцөлд цаг наргүй үүргээ гүйцэтгэсэн гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн яриандаа онцоллоо.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний нэг нь
“ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөр юм. Аймгийн ИТХ-аар батлуулсан дээрх хөтөлбөрийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж тусгай журмын дагуу
“ШИЛДЭГ ЭМЧ” нарыг шалгаруулж байна.
БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ганхуяг, Рашаант өрхийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч З.Цоож, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Т.Ганчимэг нар
“ШИЛДЭГ ЭМЧ”-ээр шалгарчээ.
“ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР” -ийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр
“ШИЛДЭГ ЭМЧ”-ээр шалгарсан БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ганхуягийн шагналыг гардуулж баяр хүргэв. Тэрбээр БОЭТ-д 28 жил ажиллаж байгаа. Түрүү булчирхайн анхны хагалгаа, дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг орон нутагт нутагшуулж, олон иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад мэдлэг чадвараа дайчлан ажилласан амжилтыг нь үнэлж ийнхүү
“ШИЛДЭГ ЭМЧ”-ээр шалгаруулсан байна.
Аймаг орон нутгаас мэдлэг, чадвартай эмч нараа орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах, дэмжих зорилгоор багагүй анхаарч байна. Үүний нэг нь эмч нарт зориулсан орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг албаны хүн хэллээ.
”Дэлхийн эмч нарын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа нэр бүхий зарим эмч нарыг салбарын болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шаналаар шагнаж урамшуулав.