no image
“Miss & Mister Deaf Universe” тэмцээний тэргүүн дэд мисс Б.Сэргэлэнд хүндэтгэл үзүүлэв
2026-1-7
noimage
Соёл урлаг, спорт

Итали улсын Галлиполи хотод зохион байгуулагдсан “Miss & Mister Deaf Universe” дэлхийн миссийн тэмцээний 12 дахь удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ховд аймгийн харьяат Батсүхийн Сэргэлэн “Мисс” төрөлд “Дэд тэргүүн мисс”-ээр шалгарч, Монгол Улс болон Ховд аймгийнхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан бахархам амжилт гаргасан билээ. Сонсголын бэрхшээлтэй залуусын дунд зохион байгуулагдсан уг тэмцээнд 18 улсын 30 орчим оролцогч 7 номинацийн хүрээнд мэдлэг, авьяас чадвараа сорьсноос Б.Сэргэлэн “Шилдэг үндэсний хувцастай мисс” номинацид тэргүүлж, олон төрлийн сорилт, үзүүлбэрийн нийлбэр дүнгээр дэлхийн ТОП-3-т багтсан юм. Өнөөдөр /2025.12.30/ Б.Сэргэлэнг Ховд нутагтаа хүрэлцэн ирэхэд нь аймаг орон нутгийн удирдлагууд холбогдох байгууллагын төлөөллийн хамтаар хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр түүний амжилтыг үнэлж, 5 сая төгрөгийн мөнгөн шагналын батламж гардуулан өгч, цаашдын сурлага, хөдөлмөр, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэв. Мөн түүний амжилт хэл яриа, сонсголын бэрхшээлтэй олон хүүхэд, залууст урам зориг өгч байгааг онцлон тэмдэглэв. Б.Сэргэлэн Сити их сургуулийн гоо сайхны ангийн хоёрдугаар дамжааны оюутан. Түүний гэр бүлийнхэн нь охиныхоо авьяас, хүсэл тэмүүллийг дэмжиж, нийгмээс тусгаарлалгүй үеийнхээ залуустай мөр зэрэгцэн суралцах боломжийг бүрдүүлж ирсэн нь өнөөгийн амжилтын суурь болжээ. Тэрээр хүсэл мөрөөдлөө тууштай биелүүлж, ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гоо сайхан, хувцас загварын чиглэлээр мэдлэг олгох, нийгэмд идэвхтэй оролцох боломжийг нь дэмжих зорилгоор гоо сайхны салон нээх хэтийн төлөвлөгөөтэй аж.