“Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, хэл соёл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний XIV хурал Ховд аймагт болов. Энэхүү хурлыг Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн их сургууль хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн байна .Тэгвэл энэ удаагийн хурлыг аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд их сургуулиас хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх зорилтын хүрээнд МУИС-тай анх удаа хамтран зохион байгуулснаараа онцлогтой.
Хурлын нээлтэд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцож эрдэмтэн, судлаачид оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ. Тус хурлын үйл ажиллагаа нь Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн судалгааны асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбоход чиглэж байлаа. Хуралд ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, БНСУ, ХБНГУ болон орон нутгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, сургуулийн 300 гаруй судлаач илтгэл тавих санал ирүүлжээ. Үүнээс өнөөдрийн хурлаар 160 орчим эрдэм шинжилгээний ажил, түүний үр дүнгийн талаар илтгэл хэлэлцлээ.
Хуралдаан байгалийн нөхцөл, нөөц, ашиглалт болон биологийн олон янз байдал, экосистемийн хамгаалал, хими технологи ба инноваци, түүх, хэл соёл, угсаатан судлал, боловсрол, нийгмийн асуудал гэсэн таван чиглэлийн дагуу салбар хуралдааныг зохион байгууллаа. Энэ үеэр хурлын үйл ажиллагааны цар хүрээ жил бүр өргөжихийн зэрэгцээ оролцогчдын тоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв. “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, хэл соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XIV хуралд оролцож буй Олон улсын эрдэмтэн судлаачдад Ховд их сургуулийн 40 жилийн ойн медаль гардуулж баяр хүргэв.