Даян дэлхийн байгаль орчны санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж буй Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой planetGOLD төсөл МУ-д 5 жилийн хугацаатайгаар хэрэгжиж байна.
Энэхүү төслийн хүрээнд аймаг сумдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан холбогдох төрийн байгууллагын төлөөлөлд “Бичил уурхайн ХАБЭА ба Эрх зүйн орчин” сургалтыг өнөөдөр /2022.06.28/ зохион байгууллаа.
Сургалтыг ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, зөвлөх сургагч багш Т. Эрдэнэ болон planetGOLD төслийн мэргэжилтэн Д. Хишгээ нар удирдаж, оролцогчдод Бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, ХАБЭА-н шаардлагууд, бичил уурхайн эрсдэлүүд, химийн хорт бодисын нөлөө, төрийн болон орон нутгийн захиргаа, бичил уурхай эрхлэгч байгууллагуудын хүлээсэн эрх үүрэг, хариуцлагын талаар нэгдмэл ойлголтыг өгч, санал солилцов.
Мөн Бичил уурхай дахь аливаа осол гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, ямар арга хэмжээ авч болох талаарх агуулгын хүрээнд мэдлэг, мэдээллийг хүргэж байна.
Одоогоор 14 аймагт Алтны бичил уурхай үйл ажиллагаа явуулдаг байна. Иймээс мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар бичил уурхайн үйл ажиллагааг төлөвшүүлэх, мөнгөн усны хэрэглээг зогсооход дээрх сургалтын зорилго чиглэгдэж байгаа тухай албаныхан онцолсон юм.