no image
АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2019-10-31
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Өнөөдөр /2019.10.31/ аймгийн ИТХ-ын Ажлын албанаас ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааныг Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид болон 17 сумын Эрүүл мэндийн салбар байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 50 орчим хүн оролцсон юм. Энэ удаагийн хуралдаанаар орон нутгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй Үндэсний хөтөлбөрүүд, Аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар хэлэлцэж, цаашдын бодлого зорилтыг тодорхойллоо. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт Засгийн газрын тогтоолын дагуу Үндэсний 12 хөтөлбөр болон “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги” тус тус хэрэгжиж байна. Харин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр”, “Эх хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, “Үйлчлүүлэгчид ээлтэй орчин”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх” гэсэн 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Мөн сумдын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Эмийн санг Эрүүл мэндийн төвд нэгтгэх, эм зүйчийн орон тоог бий болгох, эмийн нэр төрөл, нөөцийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, холбогдох тогтоол шийдвэрийг гаргалаа. Үүнээс гадна Төрийн дээд шагналд уламжлах тухай, Нийтийн номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Баянзулын нэрэмжит болгох тухай, Сумдын ЗДТГ-аас аймгийн Мал эмнэлгийн газарт хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцлээ.