Монголын Хуульчдын холбооноос 2019 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про Боно өдөр” буюу хуулийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх өдөр болгон зарлаж, улсын хэмжээнд тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс Хүний эрхийн үндэсний комиссын Ховд аймаг дахь референт М.Өнөрмаатай хамтран “Хуульчийн Про Боно өдөр-2025” өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн байгууллагууд, Монголын нотариачдын танхимын Ховд аймаг дахь салбар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг 7 байгууллага оролцож, үйл ажиллагаагаа ард иргэдэд нээлттэй сурталчилж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллав.
Мөн хуульчид хууль зүйн зөвлөгөө, анхан шатны мэдээ мэдээллийг ард иргэдэд үнэ төлбөргүй өгснөөс гадна Монголын нотариачдын танхимын Ховд аймаг дахь салбараас нотариатын зөвлөгөө мэдээлэл, бичиг баримтын хуулбар үнэ төлбөргүй гэрчилж үйлчиллээ.
Өдөрлөгт оролцох байгууллага, зөвлөгөө мэдээлэл авах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, цар хүрээ нь өргөжиж байгаа гэдгийг оролцогч байгууллагууд онцолж байв.