no image
“Цахим шилжилт-Бодлого оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов
2025-12-1
noimage

Цахим харилцаа холбоо, инновацийн яам, Олон улсын “People in Need” байгууллага, “Фаро Паундэйшн” ТББ-уудын хамтран хэрэгжүүлж буй “Цахим шилжилт” төслийн хүрээнд цахим шилжилтийг орон нутгийн түвшинд зохицуулан нутагшуулах, нийгэм, төр, олон нийтийн эрх зүйт харилцааны төлөв байдлыг судлах зорилгоор бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн дэд төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Бүсийн сургалт, судалгаа, мэдээллийн Нийгмийн захиалга” НҮТББ нь “Орон нутгийн цахим шилжилт ба иргэний нийгмийн түншлэл” төслийг, харин “Ховдын толь сонин” НҮТББ нь “Бодлого – Оролцоо – Мэдэх эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд нийгэм, төр, иргэний харилцааны төлөв байдлыг судалж, тулгамдсан асуудлыг илрүүлэн бодлого нөлөөллийн хүрээнд шийдвэрлэх зорилго бүхий олон талуудын оролцоотой дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэгийг Ховд аймагт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагуудын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүд, орон нутгийн 20 орчим төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо. Хэлэлцүүлгээр: “Орон нутагт цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа” “Дижитал иргэний боловсрол: Сорилт ба шийдэл” “Захиргааны шийдвэр – Та бид – Олон нийт” “Төрийн бус байгууллагуудын нэгдэл, үйл ажиллагаа” “Үйл ажиллагааны хөтөлбөр – Оролцоо, хяналт, мэдэх эрх” “Төсвийн хөрөнгө оруулалтад хийсэн зарим хяналт, үнэлгээ” гэсэн сэдвээр холбогдох албаны төлөөллүүд илтгэл мэдээлэл тавилаа. Оролцогчид дээрх сэдвүүдийн хүрээнд нээлттэй санал солилцож, орон нутгийн цахим шилжилтийн үйл явц, төрийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар тодорхой санаачилга, шийдлүүдийг дэвшүүллээ. Хэлэлцүүлгийн үр дүнд 2026 оны 1 дүгээр сард аймгийн ЗДТГ-аас хариуцан II шатны дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болов. Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн түвшинд цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэхэд чухал алхам болж байна.