no image
Дарви сумын “Соёлын төв”-ийн 80 жилийн ой боллоо
2019-8-26
noimage
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Үндэсний өв соёл, ардын урлагаа дээдлэн хөгжүүлж, соёлын үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй хүргэн ажиллаж буй орон нутгийн соёлын байгууллагуудын нэг болох Ховд аймгийн Дарви сумын “Соёлын төв”-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Дарви сумын “Соёлын төв”-ийн түүхт 80 жилийн ойн “Баярын хурал” энэ сарын 14-ний өдөр боллоо. Баярын хуралд аймаг, сум орон нутгийн удирдах ажилтнууд, соёлын байгууллагын үе үе ажилтнууд, ардын авьяатнууд, нутгийн иргэд оролцов. Энэ үеэр соёлын төвийн түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар Дарви сумын “Соёлын төв”-ийн эрхлэгч Ө.Батцэцэг танилцуулсан бөгөөд албаныхан улс, аймаг орон нутагтаа ажил үйлсээрээ манлайлж буй нэр бүхий 60 орчим иргэнийг шагнаж урамшуулав.
Дарви сумын “Соёлын төв”-ийн түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 80 дугаар тогтоолоор Дарви сумын “Соёлын төв”-ийг Монгол Улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэнгийн нэрэмжит болгожээ. Үүнтэй холбогдуулан тус алдартны намтар, бүтээл туурвилыг иргэд олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дарви сумын Соёлын төвийн дэргэд Монгол Улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дашийн Мяасүрэнгийн нэрэмжит “Алдрын танхим” байгуулж, нээлт хийлээ. Дарви сумын “Соёлын төв” 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор эрхлэгч, номын санч, өвийн мэргэжилтэн, бүжгийн багш, үйлчилгээний ажилтан зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус соёлын төв нь соёлын өвийг хадгалан хамгаалах-өвлөн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа буюу сургалт дугуйлан, урлагийн тоглолт, уралдаан тэмцээн ба соёл нийтийн ажил, мэдээлэл сурталчилгаа-номын сан гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Соёлын төвийн хамт олон энэ онд морин хуур, уртын дуу, хөөмий, тууль, уламжлалт бий биелгээний төрөлжсөн дугуйлан хичээллүүлж, 30 гаруй авьяастан суралцагч бэлтгэж байна. Мөн энэ онд “Номч ухаан”, өсвөрийн уншигчдын клуб, “Цагаан хөлөг” өсвөрийн шатарчдын клуб байгуулжээ.