
Улсын аварга шалгаруулах "KHOVD ROBOT CHALLENGE 2025" тэмцээнийг “Ховд Зохион бүтээгчдийн академи” дэмжигч байгууллагуудтай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулав. Баруун бүсэд анх удаа болсон уг тэмцээнд Улаанбаатар хот, Эрдэнэт, Завхан аймаг, Говь-алтай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 250 орчим хүүхэд оролцлоо. Эдгээр хүүхдүүд нийт 6 төрөлт тэмцээнд 85 баг болон оролцож Математик, Технологи, Мэдээлэл-Зүй, физикийн хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглан ухаалаг робот хийж өөрсдийн оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдөв. Багийн нийлбэр дүнгээр Ховд аймгийн баг, тамирчид тэргүүллээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Зохион бүтээгчдийн академийн багш Робокон тэмцээний хөтлөгч А.Мөнхбаатар, ШУТИСургуулийн багш, доктор, Зохион бүтээгчдийн академийн багш Хүрэлбаатар, NMIT Сургуулийн төгсөгч, Зохион бүтээгчдийн академийн багш Т.Энхсайхан нар ажилласан байна. Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын техник сэтгэлгээ, бодох чадварыг хөгжүүлээд зогсохгүй мэргэжилээ сонгоход нөлөөлдөг байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт тусгаж сурагчдыг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 гаруй хүүхдэд сургалт явуулж анхан шатны мэдлэг олгожээ. "Ховд Зохион бүтээгчдийн академи" нь сүүлийн жилүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж 200 орчим хүүхдийг сургалтад хамруулаад байна.