
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр “Баруун бүсийн авто замын коридор, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжсэн. Төслийн нэгдүгээр шат 2011-2020 онд хэрэгжиж Манхан сумаас Бага улаан даваа хүртэлх 130 км авто замыг Хоёрдугаар шат 2014-2023 онд хэрэгжиж Ховдоос Баян-Өлгий аймгийн Толбо сум хүртэлх 192,4 км авто замыг тавьсан. Төсөл амжилттай хэрэгжиж, төслийн хугацаа дууссантай холбогдуулан төслийн хаалтын ажиллагааны тайлан бичих ажлын хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын үр дүнтэй танилцах зорилгоор Азийн хөгжлийн банкны тээврийн мэргэжилтэн Б.Энх-Өлзийгөөр ахлуулсан ажлын баг энэ сарын 2,3-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.
Засаг даргын орлогч Л.Энхбаяр холбогдох албаны төлөөллүүдийн хамтаар тус ажлын багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төслийн хүрээнд тавигдсан авто замын ашиглалт, хамгаалалт, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний талаар болон байгаль орчин, нийгэм, эдийн засагт гарсан үр өгөөж ач холбогдлын талаар мэдээлэл солилцов. Ажлын баг үргэлжлүүлэн Ховд аймгийн Булган боомтод ажиллана.