no image
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2019-9-11
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр Ховд аймгийн 17 сумын Ерөнхий боловсролын 25 сургууль “Хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тус сургуулийн багш, ажилчид, сурагч багачууд, эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр өнгөрсөн хичээлийн жилд сурлага, урлаг, спортын амжилтаараа үеийн нөхдөө манлайлан суралцсан нэр бүхий сурагчдыг аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Энэ хичээлийн жилд Ховд аймгийн төр, хувийн хэвшлийн 44 цэцэрлэгт 7600 хүүхэд, Ерөнхий боловсролын 25 сургуульд 19836 сурагч, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн “Хөгжил” политехник коллежид 1000 оюутан, Ховд Их сургуульд 2200 оюутан суралцаж, тус байгууллагуудад нийт 1641 эрдэмтэн багш нар ажиллана. Харин Жаргалант сумын 7 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 120 сурагч шинээр элсэн суралцаж, нийт 1240 сурагч, 100 гаруй багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Мөн тус сургууль энэ хичээлийн жилд буюу ирэх 10-р сарын 1-нд 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр, урлаг, спортын заал, биеийн тамирын талбайн цогц бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авах юм.