Өнөөдөр /2025.6.24/ аймгийн Онцгой комисс 95 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар: Улаан бурхан өвчний талаарх мэдээлэл, Зуны улирлын цаг агаарын төлөв, анхаарах асуудал, Өвс, тэжээл, зуншлагàтай холбоотой мэдээлэл Малчны хорооллын айл өрхүүдийг эрчим хүчээр хангах талаарх мэдээлэл Улсын Онцгой комиссын 2025 оны 2 дугаар хуралдааны тэмдэглэл, 01 дүгээр тогтоол, 86 дугаар албан бичиг танилцуулах Үер усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 9 асуудал хэлэлцэж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл танилцууллаа.
Тухайлбал, аймгийн хэмжээнд 2025 оны 6-р сарын 24-ний байдлаар Улаанбурхан өвчний 52 тохиолдол батлагдсан. Үүнээс эдгэрсэн 25, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 20, гэрээр эмчлүүлж буй 7 хүүхэд байна. Ойрын хавьтлын 719 иргэнийг тандалт судалгаагаар тогтоон холбогдох зөвлөмж, тусламж үйлчилгээг үзүүлж байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Одоогоор дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа. Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар халдварладаг тул баяр наадмын өдрүүдэд халдварын тоо нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс эрсдэлийг тооцож, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Мөн Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж, “хаалганаас хаалганд” зарчмыг баримтлан дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эсрэг дархлаажуулалтад олон нийтийг идэвхтэй хамруулах, зөвлөмж, уриалга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг тогтмол түгээх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тархахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллах чиглэлийг холбогдох байгууллагад өгөв.
Үргэлжлүүлэн аймгийн УЦУОШТөвөөс цаг агаарын төлөв байдлын мэдээллийг танилцууллаа. Энэ сарын 25-28-ны өдрүүдэд гэнэтийн аадар бороо орох төлөвтэй. Хэт халалтаас үүдэн хуурайшилт ихтэй байгаа энэ үед болзошгүй үер, усны осол үүсэх эрсдэл бий гэдгийг онцлов.
Иймд цаашид цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд шуурхай тогтмол хүргэх, Гол, мөрөн, нуурын эрэг, тогтоол усны орчинд иргэд олноор цугларсан газруудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, Гол, мөрөн, нуур, цөөрмийн тохой, эрэг дагуу болон уулын ам, бэл, гуу жалга, судгийн ам зэрэг эрсдэл бүхий газар нутагласан айл өрхөд мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, нэн шаардлагатай тохиолдолд шуурхай нүүлгэн шилжүүлж ажиллах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгөв.
Түүнчлэн хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Туулайт хорооллын айл өрхүүдийг хэсэгчилсэн байдлаар эрчим хүчээр хангахад шаардагдах эхний ээлжийн төсөв, Буянт голын хоёр гүүрний дундах хоолой засварлахад шаардагдах төсвийг тус тус шийдвэрлэлээ.