“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
2019-4-21
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2019 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр Ард аюушийн талбайд хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг хөтөлбөрт Улсын хэмжээнд 725 мянга, Ховд аймгаас нийт 21808 хүүхэд хамрагдаж, тус бүр ЭМД-аас олгох 60 мянган төгрөгөөр амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээ авах юм.
Эдгээр хүүхдүүд сонгон шалгаруулалтад тэнцэж, ЭМД-ын байгууллагатай гэрээ байгуулсан "Содон сондор", "Сувдан шигтгээ", "Хаш сондор" гэсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлэгүүдэд хуваарийн дагуу эмчлүүлэх бөгөөд эхний ээлжинд буюу 2019 онд 2-6 хүртэлх насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар зорьж ажиллаж байгаа талаар салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Тодруулбал, "Хаш сондор" шүдний эмнэлэг Жаргалант сумын Буянт, Жаргалан ӨЭМТ-үүдэд харьяалагддаг өрхийн хүүхдүүд болон Алтай, Буянт, Зэрэг, Мянгад, Цэцэг сумын хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ. Харин "Сувдан шигтгээ" шүдний эмнэлэгээр Бугат, Баатархайрхан ӨЭМТ-үүдэд харьяалагддаг өрхийн хүүхдүүд, Булган, Дарви, Мөст, Үенч, Ховд, Чандмань сумын хүүхдүүд үйлчлүүлэх юм.
"Содон сондор" эмнэлэгт Жаргалант сумын Рашаант ӨЭМТ-ийн харьяаллын болон Дөргөн, Дуут, Манхан, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумын хүүхдүүд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахаар хуваарилсан байна.