no image
“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАР АВСАН НИЙТ ИРГЭДИЙН 45 ХУВЬ НЬ ЭДГЭРЛЭЭ
2021-4-16
noimage
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 15-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 240 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.16/ байдлаар нийт 156 боллоо.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан 3 иргэнээс, буяны ажилд оролцсон /гэрийн тусгаарлалтад байсан/ 1 иргэнээс  халдвар илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.16/ байдлаар 86 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 3 өвчтөний биеийн байдал хүнд, 7 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдээс өчигдрийн /2021.04.15/ байдлаар 70 хүн эмнэлгээс гарч халдвар авсан нийт иргэдийн 45 хувь нь эдгэрлээ. Өнөөдөр /2021.04.16/ эмчийн үзлэг хийж 13 иргэнийг эмнэлгээс гаргана гэсэн урьдчилсан мэдээ байна.
Өнөөдрийн  /2021.04.16-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 584 иргэн тусгаарлагдсан бол нийт 645 иргэн гэрийн ажиглалтад байна.
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"