no image
Ажлын хэсэг цахим хурал зохион байгуулав
2021-9-20
noimage
Цаг үеийн мэдээ
Хөшөөт төслийн үйл ажиллагаатай холбоотой Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн чиг үүрэг бүхий 10-аад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг болон МОЭНКО ХХК-ийн ажлын хэсэг цахим хурал зохион байгууллаа.
9 дүгээр сарын 5-7-ны хооронд тээвэрчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа хэд хэдэн асуудлаар хуулийн хүрээнд хяналт шалгалт хийн ажиллаж, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, Хөшөөт төслийн менежментийг сайжруулах чиглэлээр яаралтай 2 талын хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн ажиллагааг хэвийн болгох шаардлагатай гэж үзсэн.
Харин өнөөдрийн /2021.09.20/ хурлаар мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагууд дараах асуудлаар 2 талын байр суурийн саналыг хэлэлцэв.
- Нүүрс тээвэрлэлтийн зам засварын ажлыг 10 дугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн зохион байгуулж, замын тэмдэг, тэмдэглэгээг хийж эрсдэлийг бүрэн арилгах.
- Ажилтан, албан хаагчдаа ялгаварлан гадуурхдаг, ажлын байрны дарамт шахалт хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчигдөж буй асуудлыг цэгцлэн, хуулийг ханган ажиллах чиглэл өгч Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан 9 дүгээр сарын 21-ны өдөр Хөшөөтийн уурхайд очиж ажиллах
- Байгаль орчны бохирдолтой холбоотой малчдын ахуй амьдрал, мал сүргийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр үнэлгээ хийх, нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,
- Хөшөөт төслийн гол оролцогч тээврийн компаниуд ажил үйлчилгээнд МОЭНКО компани тэгш, шударга байдлыг хангалгүй, нэг хэсэг нь давуу байдал олгодог. Иймээс тээврийн менежментийг шинэ шатанд гаргах, шударга тэгш байдлыг хангаж ажиллах, Монгол Улсын Зам тээврийн сайдын тушаалаар баталсан жишиг үнэ тарифыг мөрдөн, ажил олгогч нарын хариуцлагыг дээшлүүлэн ажиллах гэсэн эдгээр асуудлыг хэлэлцэж 2 талын хамтын байр суурийг тодорхойлов.
Мөн төслийн цаашдын үйл ажиллагааг хэвийн эрсдэлгүй явуулж, ил тод шударга нээлттэй байж, улс, орон нутгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болов.