no image
“Мөнх тэнгэрийн хэлхээ” наадмын нээлтийн тоглолт
2025-7-18
noimage

Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Баяр наадмын нээлтийн тоглолт эх түүх, он цагийн дарааллыг харуулсан, түүхээрээ омогшин бахархсан наадамчин олны уухайн түрлэгтэй сайхан боллоо. 



Гурван үеийн намтар түүх, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүхэн хөгжлийг урлагаар дамжуулан илэрхийлсэн “Мөнх тэнгэрийн хэлхээ” наадмын нээлтийн тоглолтыг Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч, МУСТА Б.Отгонхишиг найруулж, наадамчин олондоо толилууллаа. 



Ховд хотын үүсэл, хөгжлийг өгүүлж буй энэхүү тоглолтын Нэгдүгээр хэсэгт Зүүн гарын хаант улсыг байгуулсан Галдан хааны дүрийг Хоёрдугаар хэсэгт Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлсөн Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нарын дүрийг Гуравдугаар хэсэгт ирээдүй буюу өнөө үеийг харуулжээ. 



Наадмын нээлтийн тоглолтод ХДТ-ын нийт уран бүтээлчид, сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нар, ардын авьяастнууд, өвлөн уламжлагчид гээд 160 гаруй уран бүтээлчид оролцов. Мөн Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн түүхэн ой тохиож буйтай холбогдуулан 340 хүүхэд наадмын нээлтэд оролцсоноороо онцлог байлаа.