no image
ХӨШӨӨТИЙН УУРХАЙН НҮҮРС ТЭЭВРИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООВ
2021-9-9
Хууль, эрх зүй
Хөшөөтийн уурхайд тээвэр хийж буй орон нутгийн жолооч тээвэрчдийн төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлээс 2 ч удаа эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулсан.
Үүний үр дүнд аймгийн Засаг даргаар ахлуулсан чиг үүрэг бүхий мэргэжлийн 10-аад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 09 дүгээр сарын 05-07-ны хооронд тээвэрчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа зэрэг хэд хэдэн асуудлаар хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж ажиллав.
Ажлын хэсэг хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын мэдээллээ нэгтгэн өнөөдөр /2021.09.09/ Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Улмаар Хөшөөтийн уурхай-Булган боомт чиглэлийн 311 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад саад учруулж зам тээврийн осол зөрчил гарах нөхцөл бүрдсэн. Уг авто замд: -Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх мэдээлэх, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байхгүй,
-Нүүрс тээврийн 307 км авто замын эвдрэл гэмтэл их гарсан, засвар үйлчилгээ хийгээгүй,
-2021 оны 06 сарын 25-ны 21-07-036/23 тоот улсын ахлах байцаагчийн албан шаардлага биелээгүй зэрэг хэд хэдэн зөрчил дутагдал илэрчээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах, авто замын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүднээс авто замын хөдөлгөөнийг түр хаахаар шийдвэрлэлээ.