no image
ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ
2019-11-28
noimage
Цаг үеийн мэдээ
Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын Холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 17 дахь жилдээ “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн нийт 240 гаруй сурагч энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцов. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 600 гаруй хүүхэд 16 нас хүрч байгаа. Тэдний 250 орчим нь өнөөдөр /2019.11.25/ Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулж буй “Иргэний андгай өргөх ёслол”-д оролцон Иргэний үнэмлэхээ гардан авлаа. Иргэний андгай өргөх ёслолд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ: Улс орны хөгжлийг их дээд сургууль төгссөн дээд боловсролтой залуус биш харин мэргэжилтэй ажилтан, боловсон хүчин тодорхойлно. Тиймээс Монгол улсын Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудалд түлхүү анхаарч байгаа юм. Ховд аймагт л гэхэд хүүхэд залуусын сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах ялангуяа мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг Хөгжил Политехник коллежийг өргөтгөн 1000 оюутны шинэ байр барьж байгаа бөгөөд ирэх онд бүрэн ашиглалтад оруулна. Хүүхэд бүр их дээд сургуульд элсэж төгссөн хойноо ажилгүй суух биш улс, эх орондоо чухал хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлийг эзэмшихэд, өөрийгөө цаг ямагт хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Төр улс, хууль ёсыг эрхэмлэн дээдэлсэн, эрдэм боловсролтой, хүнлэг энэрэнгүй, журамт иргэн байхаа тунхаглаж, андгай өргөсөн хүүхэд, залуустаа сурлагын өндөр амжилт хүсье гэв.