
Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 38 цэцэрлэг болон их сургууль, коллеж, насан туршийн боловсролын төв 33700 гаруй суралцагч, 4600 гаруй багш, ажилтантайгаар 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахаар өнөөдөр /2025.9.01/ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр ерөнхий боловсролын VII сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тус сургуулийн эрдэмтэн багш нар, сурагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд Долоодугаар сургууль 49 бүлэгт 1650 орчим сурагч, 118 багш ажилчидтайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Тэгвэл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 760 бүлэгт 22920 сурагч суралцана. Үүнээс бага ангийн 327 бүлэгт 10294, дунд ангийн 266 бүлэгт 7968, ахлах ангийн 167 бүлэгт 4658 сурагч суралцаж, 1892 багш ажилтан ажиллана. Харин 2116 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа бол 12-р ангид 1466 сурагч суралцах урьдчилсан судалгаа гарчээ. Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 7600 гаруй хүүхэд хамрагдаж, 900 гаруй багш ажилтан ажиллана. Ховд аймгийн боловсролын салбарынхан 2025-2026 оны хичээлийн жилд “Суралцагч бүрийн бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшилд бодит ахиц гаргах, сургалтын үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг сайжруулах” зорилго дэвшүүлсэн байна. Онцлоход, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш, ажилтан, суралцагчдын тоо өмнөх оноос 1.01-1.05 хувиар нэмэгджээ.