Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон. Энэ хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын Газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран орон нутагтаа анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарааны бизнесийг дэмжих “Start up” уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдэг гарааны бизнесийг шалгарууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тэдгээрийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн ажлын байр бий болгох анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжих зорилго бүхий тус уралдаанд хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хайгч, шинэлэг санаа бүхий гарааны бизнесээ эхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн төслөө ирүүлжээ. Үүнээс 6 иргэн үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслөө танилцууллаа.
Шалгаруулалтын үр дүнд Чандмань сумын ЕБС-ийн хөдөлмөр технологийн багш Х.Сэлэнгээгийн “Хязгааргүй сэтгэгчид, уран зураг, гар урлал төсөл, Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Н.Ганхуягийн “ Хараагүй иргэдийн бариа төсөл” шалгарч ЗДТГ-аас олгож буй буцалтгүй 5,0 сая төгрөгийн санхжүүжилтын эрхийг тус тус гардан авлаа.
Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон явуулах төдийгүй, шилдэг оролцогч болон санхүүжилтийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлж ажиллана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Ховд аймагт 3000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдгээрийн 10 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна.