
Жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сар болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн аяныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриа дор өрнүүлж байна. Өнөөдөр /2026.4.7/ Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран тус аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, сургалт явууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга М.Баярт оролцож аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, цаашид баримтлах орон нутгийн бодлогын талаар оролцогчдод мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр холбогдох байгууллагын төлөөллүүд зөвлөмж мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэв. Өнөөдрийн сургалтад 93 аж ахуйн нэгжийн 150 гаруй ажилтан хамрагдлаа. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан осол гэмтлийн тоо нэмэгдэж, үүний улмаас иргэд хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдах, хохирох эрсдэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Ховд аймагт 2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22 тохиолдол бүртгэгдэж, осолдогчийн тоо мөн 22 байсан бол 2025 онд 16 осол бүртгэгдсэнээс 2 нь бүлэг осол байж, осолдогчийн тоо 27 болж нэмэгджээ. Харин 2026 оны эхний улирлын байдлаар 4 осол бүртгэгдсэнээс 1 нь бүлэг осол бөгөөд нийт осолдогчийн тоо 5 байна. Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам стандартын хэрэгжилтийг хангах замаар бууруулах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал болохыг албаныхан онцолж байлаа. Аяны хүрээнд Ховд аймгийн нутаг дэвсгэрт барилга угсралт, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, дулаан үйлдвэрлэл, ус хангамж, хог хаягдал татан зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хууль, стандартын хэрэгжилтийг хангуулах илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслах, сурталчлан таниулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.