no image
МӨСТ СУМЫН ХУЖИРТ БАГИЙН МАЛЧИН БАТБАЯР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2022-4-1
noimage
Цаг үеийн мэдээ
Хөдөө аж ахуй
Сар шинийн босгон дээр Мөст сумаас дөрвөн малчин "Аймгийн аварга малчин" цол хүртсэн. Тэдний нэг нь тус сумын Хужирт багийн малчин Д.Батбаярын гэр бүл юм. Тэрбээр 16 жил мал маллаж байгаа. Буурлуудынхаа малч ухааныг өвлөн мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа нь энэ юм. Аймгийн аварга малчин Д.Батбаяр, гэргий н.Шинэ-Од нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гэрт нь очиж гардуулан өглөө. Аймгийн аварга малчин болсон Д.Батбаяр, түүний гэргий н.Шинэ-Од нар анх 160 гаруй толгой малтай айл болж байсан бол өдгөө 1000 гаруй толгой малтай болжээ. Энэ хавар салхи шуурга ихтэй, хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван 300 гаруй төл хүлээн авахаар бэлтгэлээ хангаж, төлөө хүлээн авч эхэлсэн байна. Малчин Д.Батбаяр малын тооноос илүү чанарт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр анхаардаг гэдгийг хэллээ. Иймээс малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малаа чанаржуулж байна. Тухайлбал, хонин сүрэгтээ Дорнодын илүү нугаламтай хуц, ямаан сүрэгтээ Баян-Өлгийгөөс ноолуурын гарц сайтай ухна нийлүүлж сүргийн бүтцээ сайжруулжээ. Эднийх Мөст сум болон зэргэлдээх Алтай сумын нутгаар буурь сэлгэн отор нүүдэл хийж мал сүргээ өсгөдөг бөгөөд энэ хавар Мөст сумын нутаг "Хөшөөн ам" гэх газар хаваржиж байна.