no image
Нийгмийн ажил ба салбар дундын уялдаа холбоо хэлэлцүүлэг болов
2026-1-13
noimage
Цаг үеийн мэдээ

“Нийгмийн ажил ба салбар дундын уялдаа холбоо” уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 7-9-ний өдрүүдэд Ховд аймгийн Манхан суманд боллоо. Тус хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон холбогдох бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт 17 сумын нийгмийн бодлогын ажилтнууд, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид, сумдын хамтарсан багийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 120 хүн оролцож, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ. Ховд аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг хамтдаа тодорхойлох, шийдэл гарцыг эрэлхийлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мөн хүүхэд хамгаалал болон боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байв. Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй нийгмийн бодлогын асуудлын талаар мэдээлэл өгч, цаашид аймаг орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Оролцогчид тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл авснаас гадна бүлгээр ажиллаж, нийгмийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, улмаар аймгийн нийгмийн ажлын холбоо байгуулах, 2026 онд нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь орон нутгийн түвшинд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ болсон гэдгийг оролцогчид онцолж байлаа.