
Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Европын хөрөнгө оруулалтын банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2033 он хүртэл 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, тогтвортой хөгжил бүхий, хүн амьдрахад таатай аймаг, сумын төвүүдийг бий болгох, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийн загвар шинэчлэлийг дэмжих зорилготой. Хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд дэд бүтэц, хөдөө аж ахуй, агро паркийн чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний шатанд баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 34 сум хамрагдах юм. Үүнээс Ховд аймгийн 11 суманд төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр /2026.04.10/ тус ажлын хэсэг орон нутгийн удирдлага болон дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн явцыг танилцуулан санал солилцлоо. Ажлын хэсэг болон зөвлөх баг томилолтын хугацаанд төслийн хэрэгжих талбай, байршлуудад ажиллаж, өөр эх үүсвэрийн санхүүжилтээр хэрэгжсэн ажлууд, мөн тулгамдаж буй асуудлыг тодорхойлонтөслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллах юм.