no image
Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа болов
2025-12-2
noimage

Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид энэ оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид өнөөдөр /2025.11.29/ тангаргаа өргөлөө. Тус ангид энэ жил Ховд аймгаас болон Баян-Өлгий, Увс аймгаас цэргийн насны залуусыг хугацаат цэргийн албанд татжээ. Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа, ангийн захирагч, хурандаа Д.Сүхбат, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, Ховд аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь оролцож, баяр хүргэн амжилт хүслээ. Алба хаагчид Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, эх орондоо үнэнчээр зүтгэхээ тангараглан Монгол Улсын “Цэргийн тангараг”-аа өргөж, ангийн тугт хүндэтгэл үзүүлэв. Ёслолын үеэр шилдэг дайчдад “Онц буудагч” тэмдэг гардуулан урамшуулсан бол зарим алба хаагчдыг Ховд аймгийн хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Шинэ дайчид 45 хоногийн сургалтад хамрагдан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. Цаашид нэг жилийн хугацаанд алба хаахдаа цэргийн эрдэмд шамдан суралцахын зэрэгцээ Англи хэл, Монгол бичгийн сургалтад хамрагдах юм. Тангараг өргөх ёслолын дараа “Цэрэг эрсийн ижий аав” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байгаа ба тусгай хөтөлбөрийн хүрээнд энэ өдөр үргэлжилнэ.