no image
“Ховдын эрдэмтдийн форум–2025” арга хэмжээ болж байна
2025-12-2
noimage

Өнөөдөр Ховд аймагт “Ховдын эрдэмтдийн форум–2025” арга хэмжээ болж байна. Уг форум нь Засгийн газрын "Бүсчилсэн хөгжлийн бодлого", аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн хөгжилд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагыг чиглүүлэх зорилготой. Форумыг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөл, МУИС-ийн Баруун бүсийн сургууль болон орон нутгийн төрийн байгууллагууд, эрдэмтдийн төлөөлөл хамтран зохион байгуулж байна. Форум: “Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо ба аймгийн дунд хугацааны стратеги (2025–2040)” нэгдсэн хуралдаан “Төрөлх нутгийн хөгжилд бидний оролцоо” эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг “Эрдэмтдийн экспо” туршлага солилцох арга хэмжээ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Нэгдсэн хуралдааны үеэр “Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал ба бидний зорилт” сэдвээр Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа “Баруун бүсийн хөгжилд Ховд аймгийн оролцоо ба дунд хугацааны стратегийн (2025–2040) концепци” сэдвээр Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн дэд профессор М.Алтанбагана “Инновацид тулгуурласан бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжил: Баруун бүсийн ХАА-н хүрээлэнгийн загвар, шийдэл” сэдвээр ХААИС-ийн профессор Д.Хандсүрэн нар тус тус илтгэл хэлэлцүүлнэ. Мөн шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн салбарын тулгамдсан асуудлыг хамарсан салбар хэлэлцүүлгүүд өрнөх юм. Түүнчлэн эрдэмтэн, судлаачид өөрсдийн судалгааны бүтээл, шинэ санаачилга, технологийн шийдлээ олон нийтэд танилцуулж байна. Форумын үр дүнд гарсан санал, судалгааны дүнг Ховд аймгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө (2025-2040)”-д тусгах “Хурдтай хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нутгийн эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засаг, инновацын шинэ санал, санаачилгыг орон нутгийн хөгжлийн бодлогод тусгуулах. Судалгаанд суурилсан бодлого төлөвлөлтөөр орон нутгийн хөгжлийг тодорхойлох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ахиц гарна гэж үзэж байна. Форум маргааш буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өндөрлөнө.