no image
АНУ-ЫН ЭСЯ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019-10-26
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Энэ оны 10-р сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Ховд аймагт ажиллаж буй АНУ-ын Засгийн газрын Боловсрол, соёлын товчооны Фулбрайт хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Николь Гомиэр, тус улсын ЭСЯ-ны ОНХА-ны дэд дарга Адам Хэннингс, ОНХА-ны Боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул нарыг холбогдох албаны хүмүүсийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар орон нутгийн ЕБС-ийн сурагчид, Ховд Их Сургуулийн оюутнуудын ярианы англи хэлний чадварыг сайжруулж, АНУ-ын ЭСЯ-наас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах оюутан, залуусын тоог нэмэгдүүлэхийн тулд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн англи хэлний багш нарын заах арга зүйн чадварыг сайжруулж, онлайн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамруулах талаар мэдээлэл өгсөн юм. АНУ-ын ЭСЯ-наас Флекс, Фулбрайт, Глобал UGRAD, SUSI, Хюберт Хамфри, FLTA, TEA, e-Teacher зэрэг ЕБС-ийн сурагч, оюутан залуус, багш, судлаачдад зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарладаг байна. Мөн ЭСЯ-ны ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэрээ Америкийн соёл, мэдээллийн төвд “Бүтээлч орон зайн төв” нэртэй иж бүрэн тохижуулсан шинэ танхимын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус төв нь оюутан, сурагч, залуусын бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлж, багаар ажиллах чадвар олгоход чиглэсэн сургалтуудыг, бусад сургуулиудад байддаггүй материаллаг баазад тулгуурлан явуулахаараа онцлогтой юм.