АНУ-ЫН VIRTUE FOUNDATION-НЫ ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
2019-5-19
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, БОЭТ-ийн захирал Ж.Улаанхүү тэргүүтэй албаны хүмүүс АНУ-аас Ховд аймагт хүрэлцэн ирж ажиллаж буй Virtue foundation-ны нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг хүлээн авч уулзан, нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.
Тус сангийн эмч нарын бүрэлдэхүүнд АНУ-ын нэр хүнд бүхий томоохон их сургуулиудын доктор, зөвлөх эмч нар ажиллаж, 2012 оноос хойш баруун бүс нутгийн ард иргэдэд үзлэг оношлогоо хийж, нүдний болор суулгах, нүдний даралт буулгах, хялар засах болон зовхины хагалгаа, нулимсны сувгийн үрэвсэл, нүдний протез суулгах, нөхөн сэргээх, мэнгэ ургацаг авах зэрэг мэс засал, эмчилгээг үнэ төлбөргүй хийдгээрээ онцлогтой юм.
Энэ жилийн хувьд тус эмч нарын баг гэрээний дагуу Ховд аймагт ажиллаж, 800 гаруй хүнийг үзлэгт хамруулж, 106 хүнд хагалгаа хийсэн байна.
Мөн сүүлийн 8 жилийн хугацаанд зайлшгүй гадаадын улс оронд очиж хагалгаа хийлгэх шаардлагатай 14 хүнд нүдний мэс заслыг амжилттай хийсэн талаар БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.