Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үйл ажиллагааны төсөл, үүнтэй уялдуулан боловсруулсан “Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Өрхийн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд банкны санхүүжилтээр олгож байгаа эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлд хүүгийн хөнгөлөлт үзүүлэн бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж ажлын байр бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх төсөл арга хэмжээг боловсруулжээ.
Тус төсөл арга хэмжээг 2025–2027 онд зургаан зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд орон нутгийн төсвөөс 1.7 тэрбум төгрөг хуваарилсан байна. Иргэн 5-100 сая, аж ахуйн нэгж 10-500 сая хүртэлх зээл авахад 6 хувийн хүүгийн хөнгөлөлтийг орон нутгаас үзүүлэх юм.
Ингэснээр бичил болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, ажлын байр шинээр бий болгох, зах зээлийн өрсөлдөөнийг сайжруулж инфляцыг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.