БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг, Прогресс сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг нь зургаан бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч энэ хичээлийн жилд 200 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна.
Цэцэрлэгийн хамт олон сургалтын цөм хөтөлбөртэй уялдуулан Англи хэлний анхан шат болон "Steam" сургалтыг туршилтаар зохион байгуулж, ардын уламжлалт тоглоомоор сургалтын орчин, хэрэглэгдэхүүн бүрдүүлэх замаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа талаар хэлж байлаа.
Тиймээс цэцэрлэгийн гадна болон дотоод орчны тоглоомын тоог нэмэгдүүлж, хүртээмжийг нь сайжруулах шаардлагатай байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч хэлсэн юм. Энэ асуудлыг БСШУС-ын сайд анхааралдаа авч, 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, 14-р цэцэрлэгт тоглоом нийлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин ерөнхий боловсролын “Прогресс” сургууль нь 928 сурагч хүлээн авах хүчин чадалтай хэдий ч 1238 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Цаашид сургуулийн хичээлийн байрны өргөтгөл хийх, биеийн тамирын гадна талбайг тохижуулах зорилт дэвшүүлсэн талаар салбарын сайдад уламжиллаа.