Баруун бүсийн ууган их сургууль болох төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой энэ оны есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болно. Ойн баярыг угтаж Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн санаачилгаар Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын мэндэлсний 420 жилийн ойд зориулсан “Ойрад судлал” олон улсын эрдэм шинжилгээний VII бага хурлыг зохион байгууллаа. Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж хурлыг нээж, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав хуралд оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.
Ховд их сургуулийг 2017-2024 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд ойрад судлал, тэр дундаа ойрадын хэл аялгуу, аман зохиол, түүх, угсаатны зүй, эх бичвэрийн судалгаа зэрэг чиглэлүүдийг тусгасан байдаг. Үүнд XVII зууны Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын амьдрал, нийгэм, улс төр, шашин соёлын үйл ажиллагаа, түүний зохиосон тод үсэг судлал чухал байр суурь эзэлдэг билээ. Энэ утгаараа эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын намтар, нийгэм, улс төр, шашин, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, Ойрад Монголчуудын утга зохиолын түүх, Ойрад түмний дунд хадгалагдан үлдсэн тод бичгийн дурсгалууд болон судалгаа шинжилгээний бүтээлийн онцлог, үр дүнгийн талаар 10 гаруй илтгэл хэлэлцлээ.
“Ойрад судлал” ОУ-ын эрдэм шинжилгээний VII бага хуралд ОХУ-ын Халимагийн их сургууль, БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэстний их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, зэрэг 10 гаруй шинжлэх ухааны байгууллагаас 30 орчим эрдэм судлаачид болон Ховд их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл оролцов.