HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллага нь Ховд аймагт “Энх тайвны соёл, Хамтдаа энх тайванд хүрэх зам” урт хугацааны компанит ажлыг эхлүүлж буй. Энэхүү ажлын эхлэл болгож HWPL байгууллагын Монгол дахь салбараас өнгөрсөн амралтын өдөр буюу 5-р сарын 10-нд Ховд аймгийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад хүүхэд, эцэг эхчүүдийн төлөөлөл хамрагдаж, эерэг хандлага, ёс зүйн харилцааны хүрээнд мэдлэг мэдээлэл авсан юм. Мөн энэ үеэр 100 гаруй хүүхдэд гарын бэлэг гардуулав.
Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, амжилт хүсэхийн сацуу нийгмийн сайн сайхны төлөөх энэхүү компанит ажлыг орон нутагт хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Энх тайвны соёл: Хамтдаа энх тайванд хүрэх зам” компанит ажлын хүрээнд:
Хувь хүний хөгжил, ёс зүйн сургалтууд, Залуучуудыг хөгжүүлэх YEPW хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах мод тарих аян, Ард иргэдийг дэмжсэн бусад төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай Ховд аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллага нь дайныг зогсоож, дэлхий дахинд тогтвортой энх тайвныг тогтоох зорилготойгоор 2013 онд байгуулагдсан олон улсын төрийн бус байгууллага. НҮБ-ын Глобал Харилцаа холбооны газар (UN DGC) болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустайгаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах үүднээс дэлхийн өнцөг булан бүрд олон төрлийн компанит ажил, семинар, боловсролын хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагаануудыг тогтмол явуулдаг байна.