no image
Баруун бүсийн төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна
2022-3-3
noimage
Цаг үеийн мэдээ
Хууль, эрх зүй
НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний  өдрөөс эхлэн  хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй  холбогдуулан Засгын газрын Хэрэг эрхлэх газарт хууль тогтоомжийг нийцүүлэх, хэрэгжүүлэх, сурталчлах хүрээнд “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай гэсэн баруун 5 аймаг, сумдын төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын төлөөлөл 250 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, Төрийн албаны шинэтгэлийн бодлого, сургалтын тогтолцоо, захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээний талаар албаныхан мэдээлэл хийж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зохицуулалт, анхаарах асуудал, байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх журам, зарим бодлогын баримт бичиг, шинээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах аргачлалын талаар оролцогчид шинэ мэдлэг эзэмшиж байгаагаараа онцлогтой. Дээрх сургалтын ЗГХЭГ, аймгийн ЗДТГ, ИТХ, Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх төсөл хамтран зохион байгуулж байна. Сургалтад хамрагдсанаар төрийн албан хаагчид ёс зүйн зөрчлөөс сэргийлэх шинэ мэдлэгт суралцаж, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.