Өнөөдөр /2022.07.18/ аймгийн Онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл, малын гоц халдварт шүлхий өвчин, үер усны талаарх нөхцөл байдлын мэдээллийг мэргэжлийн байгууллагууд танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргав:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж иргэд, олон нийтэд мэдээ мэдээллийг цахим мэдээллийн хэрэгслээр тогтмол дамжуулж ажиллах
- Мянгад суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн хугацаанд дахин шүлхий өвчний шинж тэмдэг бүртгэгдээгүй тохиолдолд 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон хорио цээрийн дэглэмийг цуцлах
- Баян-өлгий, Увс аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчний өвчлөл их байгаатай холбогдуулан хил залгаа Мянгад, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Дуут, Мөнххайрхан, Булган сумдад малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг малчид, ард иргэдэд тогтмол хүргэж ажиллах
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймгаас Манхан, Мянгад сумдын чиглэлийн улсын чанартай авто замын дагуу аялал, зугаалга, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж, авто зам дагуух хог хаягдал ихсэж байгаа тул холбогдох байгууллагуудаар цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх
- Ховд аймагт 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болсон үерт өртсөн Бичигт, Наран, Рашаант багийн айл өрхүүдийн нэрсийг нарийвчлан, хохирлын хэмжээг тогтоож, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.